my ideas
Хямрал
Дэлхийн эдийн засаг ид цэцэглэж байсан 2006 онд Германы эдийн засагч Max Otte нь "Der Crash kommt" буюу "Хямрал айсуй" хэмээх номондоо АНУ-ын орон сууцны хөөс, mortgage-ийн талаар дурьдаж байсан байх юм. Тэрээр Америкчууд өөрсдийн дааж чадах хэмжээнээсээ хэтэрхий ихийг зээлж орон байраа худалдаж авч байна гээд энэ нь уналтыг бий болгож улмаар дэлхийн эдийн засгийн хямралд хүргэнэ гэсэн санааг номондоо оруулсан юм. Тэр үед би түүний номыг уншсан бол жаахан сумтай баагий юу да гэж бодохоор байлаа. Харамсалтай нь түүнийхээр болсон юм. Америкчууд цаашид зээлээ төлж чадах эсэхээ төдийлөн нухацтай бодолгүйгээр маш өндөр үнээр орон, байраа худалдаж авч байлаа. Хэсэг хугацааны дараа орон байр нь банкны барьцаанд хураагдах нь тэр. Маш их хэмжээний үл хөдлөх хөрөнгө ийнхүү хураагдсан юм. Зарим гудамж тэр чигээрээ "Bank owned" гэсэн бичгээр дүүрч байсан гээд бодохоор хир ширүүн юм болсон нь төсөөлөгдөж байгаа биз. Ингээд зах зээлийн хуулиар эрэлтээс нийлүүлэлт давсан тул яалт ч үгүй нөгөө тэнгэрт хадаад байсан орон сууцны үнэ навс унаж эхэлсэн юм. Банк ч өндрөөр үнэлж барьцаандаа авсан үнээрээ зарж чадахаа больж байдал хүндэрсэн юм. Ингээд хөөрхий mortgage-д хэт их анхаарал хандуулсан Lehman Brothers мэтийн банкуудын пассив тал муудаад ялзраад ирсэн нь түүнийг даатгасан даатгалын компани /AIG/-ий активт сөргөөр нөлөөлсөн. Гар гараасаа чангаас чанга зуурцгааж байсан нөхдүүдийн нэг нь ойчоод өгөхөөр нөгөөдүүл нь дагаад л үсрээд өгцгөөж байгаа юм. Энэ л 9 сарын Америкийн санхүүгийн хямралын эмэгнэлт дүр зураг.
Өнөөдөр Монгол оронд маань мөн адил санхүүгийн тийм ч таатай бус уур амьсгал үүсчихээд байгаа. Монголчууд бид бага зэрэг цаг хугацааны хоцрогдолтой ч Америкчуудтай нилээд төстэй замаар явсан. Толгойтой болгон л зээл авч Америкт орон сууц гэж хэлэхэд хэцүү хэдэн тоосгоны цуглуулгыг хэдэн зуун мянган доллараар үнэлэн худалдан авцгаасан. Ялгаа нь жилийн 60, 70 мянган долларын орлогтой америк гэр бүл 100 мянган америк долларын байшинг бага хүүтэй зээлээр худалдан авч байгаа бол жилийн 1000 ч хүрэхгүй долларын орлогтой монгол өрх 50, 60 мянган долларын байрыг өндөр хүүтэй зээлээр худалдан авч байгаад юм. Сонирхолтой нь сэгсгэр ч гэсэн эжий минь гэдэг шиг зээлээр авсан хэдий ч муу орон гэрээ бусдад хураалгаж булай болохгүй гэсэн Монгол хүний шазруун зангаас болсон уу, ямартай ч Америк шиг хавтгайгаараа өр зээлд их хэмжээгээр байр сав хураагдсангүй. Харин ч үл хөдлөх хөрөнгө худалдаж авах сонирхолтой хүний тоо ихэссэн. Банкинд зоостой зарим нэг нь бага хүүтэйгээр ингээд мөнгөө банкинд хэвтүүлээд байх уу эсвэл гэрлийн хурдаар үнэ нь өсч буй байр болгох уу гэсэн сонголттой нүүр учирсан. Та ямар шийдвэр гаргах байсан бэ? Мөнгө харахаар дотор чинь муухайрдаггүй л бол сүүлийнхийг нь сонгох нь ойлгомжтой биз дээ. Ингээд л хүмүүс депозитоо татаж банкууд эх үүсвэрийн дутагдалд орж байгаам. Эх үүсвэргүй болсон банкууд юугаараа зээл олгох вэ, зээл ч гэсэн зогсож байгаам. Үр дүнд нь өнөөдрийн явахаа байсан хэдэн орон сууцны барилга, зээлэнд хатсан түм буман хүн, банк дампуурах талаар цуурхал. Бодит байдал дээр Монголын банкууд тэгтлээ дампуурахдаа тулчихсан гэвэл бас үгүй юмаа. Харин цуурхал хүчтэй тархвал ямар ч хүчтэй байгаад итгэл дээр тогтох банк гээч чинь өнхрөөд өгөх нь жам юмдаа хөөрхий... Цаашид юу болохыг ажиглаж л байя.
эх сурвалж: http://bankchin.blogspot.com/
Нийт 1080 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
мэдэхгүй юмдаа сайн мэдэхгүй мөртөө сайн мэдэж байх ёстой салбар байгаа юм ...