my ideas
Уг нь би яг одоо их дэлгүүрт явж байх ёстой... Утга авцалдаагүй бичлэгийн өнгө аяс бүхий биеэ тоосон нэгэн залуухан зохиолчийн ээлжит романийг худалдаж авахаар, бас найз охиндоо мартийн наймнаар далимдуулан урьд нь авч өгөхсөн гэж хүсдэг байсан зөвхөн миний л төсөөлөлд байдаг цагаан торгон сарпанчикийг авч өгөхөөр. Даанч яг тийм сарпанчик олдохгүй байх л даа, нэг бол туунээс хавгүй дээр хийцтэй, эсвэл цагаан биш огт ондоо ногоон өнгөтэй...
Юутай ч би яг одоо энд, ямар ч хамаагүй, хүний сонирхол татахаар зүйл бичих хүслийнхээ өмнө ялтай мэт компутэрийнхээ ард дуулгавартай нь аргагүй бодлогоширч сууна. Гэхдээ надад өдөр ажлийн завсраар тамхилж зогсохдоо бодож олсон санаа бий... Энэ санаа бол Галзуугийн эмнэлэг, тэндхийн өвчтөнүүдийн тухай юм.
Зөвхөн галзуугийн ч гэлтгүй бүх л эмнэлгүүдийн хана, тааз, ор, дэрний бүтээлэг, уут гээд эргэн тойрний бүх зүйлс цагаан өнгөтэй байдаг юм хойно доо. Магадгүй цагаан халаадтай сувилагч бүсгүйчуудийг эелдэг ааштай байхаас гадна дотуураа заавал цагаан өнгийн дотуур хувцас өмсөх ёстой ч гэж сургуульд байхад нь заадаг ч байж магадгүй юм шүү... Заримдаа цагаан өнгөтэй том жоом ч цохиж явна, унэндээ тийм ч том биш л дээ цагаан өнгөтэй болохоороо тэгэж харагдаж байгаа хэрэг. Байсхийгээд л хлорминий, пхимолийн зэрэг тэдний хувьд бол аймшигтай тодотгол бухий ариутгал, шавьж устгалийн уусмалуудийг эмнэлгээр нэг цацаж орхих тул хөөрхийс түүнээс хорддог биз, эсвэл Давид гуайн эволюцийн онолийн орчиндоо дасан зохицох хууль тэдэнд үйлчилдэг байхаа. Хаашаа ч харсан цаг хугацаа зогсчихсон мэт, арга ч үгүй юм даа ханан дахь цаг бүхэлдээ цагаан. Цагийн, минутийн, сэкундийн зүү, тоонууд гээд л, арга ядахад цонх уруу харсан ч нөгөө л хязгааргүй гүн цагаан өнгө харгис гэгч нь дүнсийнэ. Гэхдээ энэ нь өвөл гэсэн цаг хугацааг бас л зааж чадахгүй. Учир нь цонхийг хэн нэгэн гаднаас нь цагаан будгаар будсан ч байж болох шүү дээ, лав л дотроос нь будаагүй. Тэгвэл би л хувьдаа хааяа хачин их адгадаг хумсаа мэрэх зуршлаасаа тэр будгийг хусахийн тулд татгалзахад бэлэн байхсан. Тэгэхлээр энд гагцхүү цаг хугацаа ч бус бас орон зай гэдэг туйлийн тодорхой бус ажээ. Нэг бодохноо амисгал давхацмаар давчуухан, жаахан удаан ширтээд суухлаар хязгааргүй гүн тийм л хараал идсэн цав цагаан...
Гэхдээ энэ нь энэ эмнэлгийн амьдрал яг л нэг иймэрхүү гунигтай, учир битүүлэг, тодорхой бусийн дунд өрнөдөг гэсэн үг бишээ. Энд бүтэлгүй дурлал, секс, сонгодог хөгжим, уран зураг, найз нөхөд гээд ер нь хүний амидралд өнгө, амт нэмдэг юу л байдаг билээ цөм бий. Бүр гомо нар хүртэл шүү, тэдний тухай тохуурхангүй жиг жуг хийх яриа ч бас... Нэгэнтээ манай өрөөний хоёр өвчтөн өрөөнийхөө хаалганий өнгөний тухай маргалдахийг сонсоод би хачин ихээр атаархаж билээ.
- Энэ яг л миний эхнэрийн анхний болзоондоо өмсөж ирсэн банзлийнх шиг усан ягаан өнгөтэй!
- Хэрвээ чи манай эмээгийн удэш болгон өмнө нь зул өргөдөг намсрай бурханийг харсан сан бол энэ хаалгийг яг л алтан шаргал унгутэй гэж хэлэх байсан даа...
- Хоёулаа тэгвэл маргааш манай эхнэр дээр очно шуу за!
- Чиний эхнэр миний эмээг танихгүйээ, танилаа ч манай эмээ али эрт бурхан болсон...
Би эл яриаг дэвтэртээ буулгав.
“Эндэхийн өвчтөнүүд харин уйт цагаан өнгийг бүгд өөр өөрийнхөөрөө хардаг. магадгүй төсөөлдөг гэсэн нь дээр байх л даа...”;
Тэгснээ гэнэт хачин ихээр санаа зовов.
“Бурхан минь! Энд хэн нэгэн яг над шиг энэ бугдийг цагаан өнгөөр хардаг л битгий байгаагсай“
Үргэлжлэл бий...
Нийт 1065 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих