my ideas
Ойн цоорхойд шаргал наран ээж, зуны бүгчим халуун бүхнийг нозооруулан, байгаль дэлхий залхуутай-яа оршино. Хааяахан нэг сэвэлзэх салхины аясаар моддын орой найгаж, шуугин дуу гаргах ажээ. Энэ нь яг л их устай гол мөрөн мэтээр сонсголонтой дуулдах юм. Багшран ургасан их өвсөн дунд нэгэн хагархай шил хэвтэх бөгөөд түүнийг хэн хэдийд ууж султгасан, за мөн юуных болох нь үл мэдэгдэнэ. Тэрхүү хагархай шил нь ямар нэгэн лонхны ёроол хэсэг бөгөөд мөнөөх бүхнийг амьсгалах аргагүй бүгчим халуу шатаж буй нар түүнийг хайлуулах шахам цонож, төмөр байсан бол улайссан байхаар халаажээ. Нарны цацраг хагархай шилийн ёроолын үлдэгдэл хэсэгт тусахдаа дөрвөн удаа хугарах ба энэ нь шил, агаар, шил, агаар гэсэн ээлжилсэн орчинд тийнхүү тусна. Шилний доор болон нарны тусгал хугарч тусах хэсгийн өвс навч аль хэдийнээ хагдарч гандсан байх ба, хатаж хуурайшжээ. өглөө, өдөр дунд, оройн нар шилний хагархайг нэвт тусах даа түүгээр нэвтрэн гарах нарны гэрэл нарийсаж, шил линзийн үүрэг гүйцэтгэх болсон байна. өчигдөр, өнөөдөр, магадгүй маргааш энэ байдал давтагдахад, энэхүү халуун нар, шил хоёр эзэнгүй уулын бэлд гал ноцоож, түймэр гарахад юу юугүй дөхсөн байна.
(Энэ байдлыг нэг нэгэнгүй ажиглаж мэдсэн би, тэр бүхэнд санаа зовохоос өөр нэмэр байсангүй.)
Гэтэл ашгүй энэ хавиар явж таарсан нэгэн буга, тэр шилийг хөлөөрөө хөдөлгөж орхилоо. Одоо нар шардгаараа шарсан ч хагархай шил эргэн тойрноо хуурайшуулж хатаагаад, дахин галын аюул гарах хугацаа холдлоо. Амьд байгаль аа гэж,.. түүний зохилдолгоо гэж энэ юм уу даа. Тэрхүү хамаг хэргийн эзэн шил яагаад хагарах болов, хэн хагалаад энд орхиж хаядаг байна аа гэсэн бодол, түрүүхэн яваад өнгөрсөн бугийн хөлөөр хөдөлсөн шилтэй хамт замхарч одлоо.
Нас бие гүйцсэн хангайн сүрлэг амьтан тааваараа идээшлэн бэлчинэ. Уйгим халууныг эс тоон сүрлэг алхах бугын байдал нь яах аргагүй энэ л хангайн эзэн гэлтэй. Гэвч тэр бас л ямар нэг юманд түүртэж ядарсан нь илт.
Марал буга, шигүү ургасан ойн дундаас гарч үргэлжид л салхилж байдаг хадтай энгэрт гарч ирлээ. Тийнхүү өөдөөс үлээх юунд ч эс торон гогцоорох хээрийн онгон салхи бугийн цээжийг урагш түрэн налуу зогстол, зогсоо зайгүй хүчирхэг-ээр үлээхэд, буга улам бүр тэрхүү төвөг дарамтыг мэдэрнэ. Яг л ийм салхиар хийсч ирсэн нэгэн том гялгар уут бугын толгойд ирж наалдаад, одоо түүний ихэнх хэсэг нь эвэрт нь орооцолдож үлджээ. Бороонд сүрэгтэйгээ хамт зогсоход ус тунаж төвөг болно. Халуун наранд амьсгалах аргагүй бүгчимдүүлнэ. Одоо салхинд чөлөө зайгүй дэрвэлзэж, хэрэв зээ энэ буга, ямаа дүнгийн амьтан байсан бол толгойноос нь эврийг нь салгаж дөнгөх, үгүй юмаа гэхэд хүзүү толгойг нь хөндүүр болгож зовоох байжээ. Гэвч буга гартай байсан бол ч... гэж ганц удаа бодоогүй юм, учир нь тэр амьтан. Юу ч бодохгүй. Гэвч зовлонтойг нь мэдэрч, зовж зүдэрч, ядарч дургүйцэхийг яг хүн шигээр мэдэрч чадах юм. Салхинд ирсэн уут ямар нэгэн тослог зүйлээр түрхэгдсэн бөгөөд шороо тоос наалдах, заваарахаас гадна Бугын эврийг сэрвэгнүүлэн салхины аясаар давтан цохисоор байх бөгөөд ялаа шумуулыг жигтэйхэн их цуглуулна.
Түүний эвэр, хэн нэгэн олж хайгчийн нүдэнд өртөж, анчны овоо хараанд буга багтах үед л тэр орооцолдож наалдсан гялгар уутны хог сая нэг юм салах болов уу.
Моддыг нэвтлэн гарсаар, түүнийг дагаж, харж явсан би дээш хөөрч, моддын мөчир тэргүүтэнд торох юмгүй дээшилсээр. Эрх чөлөөлөг хөх тэнгэрт гарч ирлээ.
Таарсан дурын хэн хүний оюун бодол хийгээд хүсэл мөрөөдөлд амьдарч болох би, цаг хугацаа орон зайн хамаарлыг эс мэдэрнэ. Би биеэ өвлийн хотод, нэгэн залуугийн амьдрах болоод удсан ганц өрөөнд үлдээгээд хөдөлсөн. Тэр үед хөлсний умгархан жижиг өрөөнд боок савантай усанд дүрж тавиад орхисон жинсэн өмд ба ганц ширэмтэй бор өнгийн мичтан дээр цагаан хувинтай буцлах болоогүй хоол, тамхины ишнүүд овоорсон үнсний сав, шалаанаас хананы тал хэсэг хүртэл давхарлан тавьсан номууд тэргүүтэн байсан юм. Энэ удаа асаасан тамхины үнс хуруунд маань тулж ирээд байсан тул би биендээ эргэн ирлээ.
Хоол цайны уур болон өрөөний дулаан агаараас болоод цантаж хаагдахаа нэгэнт больсон жижигхэн вакуум цонхоор харахын тулд би тэр жижигхэн өрөөг тийм сайн дулаацуулж байгаа паран дээр өрөөсөн хөлөөрөө дэмнэж өлмийн дээрээ зогсоод цонхоор гадагш харна. өмнөөс минь уур савсах бөгөөд утаатай ч гэлээ сэрүүн сайхан агаар сэвэлзэн өөрийн эрхгүй намайг зуны лүнхийм халууныг санагдуулахад хүргэсэн бүгчим өрөөнөөс түр ч гэлээ ангижруулан, нүцгэн энгэр цээжийг сэвэлзүүлэн илбэнэ. Хэдийгээр сайхан байгаа боловч нэг л хүчгүй... цонх хэтэрхий өндөр байна, бас жижигхэн гэж би бодлоо. Учир нь би замаар явах машинуудыг олж үзэхгүй байгаа бөгөөд тэрхүү машинуудын хурдлан давхих нь саяны миний биеэ орхиод яваад ирсэн газрын моддын оройг шаржигнуулан сэвэлзэж чухамхүү гол усыг санагдуулж байсан салхитай ижил төстэй дуулдана. Би тамхиныхаа ишийг мөнөөх гадагш харж зогссон цонхоор чулуудаад, эргэхдээ толгойгоо гурвалжин таазны хэсэгт цохиж орхилоо. Толгойгоо би яг л ийм дээврийн ганц өрөөнд их олон удаа дэлсэж байсансан. Тэр өрөө бол миний, бидний бизнесийн түүх анх эхэлсэн гэж болох өрөө юм. Дээврийн хэсгийн тэр өрөө энэ сууцны өрөөг бодвол хэд хэдэн цонхтой бөгөөд арай цэлгэр байсан юм. Сэтгэл татам миний оффисе-ийн дүр зураг эргэн төсөөлөгдөнө. Ирээдүйд ч тиймэрхүү л байхаар зураглан төсөөлнө.
Би цонхноос буугаад, чамгүй хүчтэйхэн дэлссэн толгойгоо нэг гараараа хоёр гурав маажсанаа, суугаад нүдээ анилаа.
....Шар өнгийн том бүтээлгээр ширээг ижилсүүлэн гоёсон бөгөөд тэрхүү шар бүтээлэг дээр улаан өнгийн жижиг бүтээлгийг өнцгүүдийг нь зөрүүлж тавьжээ. Энэ том, Шар, ирмэгээрээ жижиг хагас дугуй хүрээгээр эмжигдсэн бүтээлэг улаан бүтээлгийн доороос ширээний дөрвөн буланд гурвалжлан харагдах бөгөөд тэр хоёр бүтээлэг дээр мөн нэгэн тунгалаг, зузаан, барьцалдаж зууралдах шинж чанартай хулдаасыг тавьсан байна. Энэ бол дундаж үнэнтэй нэгэн ресторан байх бөгөөд үйлчлүүлэгчид төдийлөн орж ирээгүй байгаа үе нь энэ байлаа. Бор өнгийн модон хаалга тор-хийн дуугарч нэгэн эмэгтэй, дөнгөж сая арчаад хатаж амжаагүй шалан дээгүүр өөрийн мөрийг хурдан хурдан зөөж тавих хөлийн гишгэлт бүрээрэй зурайлган гаргана. Тэрээр цагаан өнгийн хослол, эмэгтэй пиджак өмссөн байх бөгөөд настай хүн гэхэд үнэхээр донжийг олж хувцасласан харагдана. Түүний үс бүхэлдээ бууралтаж саарал болсон байх бөгөөд ганц ч тод цагаан үс үл анзаарагдана. Түүнээс эрч хүч, цэгцэрсэн бодол ухааныг олж харж, авч болохоор харагдана. Түүний ажил хэрэгт багагүй асуудал тулгарсан болохоор л тэрээр энэ бага гарын ресторанд орж ирсэн байна.
Хаалга ахин дуугарах үед, нүцгэн цээжин дээр даавуун цамцыг энгэрийн товчнуудыг задгай орхиж өмссөн. Үсээ хожгор болтол нь багасгаж засуулсан тамирчин баймаар бие хаатай, гуч эргэм настай хар хүн орж ирж суулаа.
Түүнийг харахад, байгаа орчиндоо төдийлөн зохицохгүй байгааг хэн ч хараад мэдэж болох бөгөөд зөөгч ирэхээс өмнө тэрээр сандлаа ширээнээсээ жаахан холдуулж суугаад хоёр гараараа ширээний булан тулж суулаа. Тулсан гар дээрээ үл ялиг ачаалал өгөн тонгойгоод эрэн тойрно зогсолтгүй харах бөгөөд нүд нь ямар нэгэн юман дээр тогтож эс чадан ийш тийш гөлгөнөнө. Тэгснээ гэнэтхэн над руу харах шиг, ахиад харах шиг болоход нь би бага зэрэг жийрхлээ. Зөөгч яагаад удсаныг мэдэхгүй юм, түүнийг нэлээдгүй хүлээлгэсэн бөгөөд тэр хооронд мань эр хэд хэдэн удаа дөнгөж үүдээр гараад л буцаж орж ирээд, яг өмнө сууж байсан суудалдаа сууна. Тэр хэн нэгэнтэй уулзах гэж байгаа нь илт бөгөөд мань эр түрүүлж ирсэн бус уулзах хүн нь болзсон цагаасаа хоцроод байгаа бололтой. Түүнийг харахад цамц нь сэмэрч утас нь унжсан, ямар ч индүүдлэггүй өмссөн зөөлөн даавуун цамц, суудлынх нь ором болгоноороо ямар нэгэн юм түшиж цамцаа өөд нь хөөрөгдөж дээшлүүлж суусан баймаар ором гарч үрчлээтсэн байгаа нь харагдан. Түрүүн орж ирсэн эмэгтэй урт шаргал түрийвч цүнхнээсээ гаргаж ирээд, зөөгчийг түүгээрээ эвлэгхэн дохин даллан дуудаж харагдан. Энэ хүнд боловсон зан ба бардам сэтгэл байдаг нь яавч илт харагдана. Харин хоёр дахь хүнд бүх юм эсрэгээр байх бөгөөд тэр 2-т ижилсүүлэх юм юу ч байсангүй. Нас, хүйс гэхэд л тэр эрэгтэй залуу нөгөө нь хөгшин эмэгтэй гээд... залуугийн бие ээ авч явах байдал гаднах дүр төрөх бусад хүнд түүн рүү, харж хандаж байгаа зан байдлыг хөндлөнгөөс харахад өрөвдөж хайрлахаас өмнө, хүнд хүч чадал байхад ухаанаар яах юм бэ гэсэн бодлыг шууд олж харах юм. Тийм ээ ухаан хэрэггүй амьдарч болохын жишээ тэр биеэрээ байлаа.
Энэ үед зөөгч болон бүдүүлэг эрийн уулзахаар ирсэн хүмүүс гэнэт намайг харж эхлэв. би сандлаасаа босоод нисэх гэтэл, захиалга хийгээгүй байхад надад дээр хоол барьсаар зөөгч ирлээ.
Би бор мичта дээр буцалсан хоолыг аягалаад над руу барьж буй найзыгаа харлаа. Би буцаад ирлээ. Найзын маань хийсэн хоол рестораны хоол биш байсан бөгөөд борцтой бүдүүн хэрчсэн гурилтай хоол байна.
.....................................
Нийт 1368 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих