my ideas
намар нас хоёр минь
жихүүн өдөр....
шаргалтах нарны туяа уулсын оройг нил-ягаан болгож, чухамхүү өндрөөс өндөр оргилууд л тийнхүү өнгөө солиход, цэнхэртэх уулсын сүүдэр ба алсын бараа бие биедээ уусан замхрах шиг санагдана....
хорвоогийн наран жаргаж, энэ л дэлхийд нэгэн өдөр дуусаж буй нь энээ. алгуурхан босож, орхимж нөмрөг төдийхнөөр бие ээ хулдан, чулуун шалан дээр дэвссэн олбогон дээр хөдөлгөөнгүй завилан суух лам хуврагуудын дундуур алхаж, байнга шахуу дэлгээтэй байдаг хаалгаар гарлаа. /чулуун хана, хаалга, довжоо.../ төвд уулсын бэл, хицэд барьсан сүм хийдийн үүдээр дөнгөж гарах үесэд салхи сэвэлзэн үлээж, нүдний өмнө ил байх бүхэн алсад хирнээ тодоос тод ажиглагдахыг харан зогсоно. гүн бясалгаж буй тэдний /лам хуврагууд/ дүр төрх зүрх сэтгэлд хийгээд оюун ухаанд энэхүү өндөрт зогсож буйн адилаар алсыг харах боломж хайрлах юм уудаа...
би төрөөд зуун жил өнгөрсөн мэт, хөвөрсөн он жилүүд, уулсын оройг дээрээс минь унаад ороод ирж буй мэт харагдуулах хөвж буй үүлстэй адилхан санагдана. тийм ээ, миний эгэл-хэн амьдрал салхиар туугдах үүлс төдийхөн, хий хоосон зүйлс байсан гэлтэй.... би юу олж авав даа энэ л амьдралаас гэж тэрхэн үед өөрөө өөрөөсөө асууна. өмссөн хувцас идэж байсан хоолноосоо илүү юм авч үлдсэнгүй дээ. Монгол дээл хувцсыг бахархан, тэрхүү үлээх жаврыг сөрөн зогсохдоо, урсаад өнгөрсөн он жилүүдийн зураад өнгөрсөн гүн үрчлээнүүд байхгүй мэт санан, бага балчир үедээ салхиар аргадуулж явсан насандаа эргэн очсон мэт санагдах нь тэр ээ...
үүлс, уулс, сүүдрээс өөр зүйлгүй шахам.....
хийсэх навчис, шарлаж гандах өвс ногоо гэж үгүй атал энд намар болсон нь илт. аль хэдийнээ сүүдэр тусаад удсан уулсын доод хормойд хүмүүс аж амьдралаа залгуулан яаравчлан ямар нэгэн зүйлийг хийж буй нь харагдана. тэд бүгд надтай адил дээл хувцас өмссөн хирнээ би, тэд биш юм. амьсгалах тоолонд нь уур савсан ажиллах тэд шөнө оройн цагаас урьтаад, харанхуй шөнө дөл эгэл-хэн дэлхийн энэхэн хэсгийг нөмрөхөөс түрүүлж, цаг хугацаатай уралдан ажиллана.
надаас гадна, бүхэлдээ чулуугаар хийгдсэн, эв эеийг нь нийлүүлж барьсан хийдийн цонхон дээр гүр гүр дуугарах гурван тагтаа л энэ цаг хугацаанд юу ч эс хийн, эргэн тойрноо ажиглана. тэдгээр тагтаануудын пөөнийсөн төрх мөн л дун өвлийн цаг ойртсоныг гэрчилнэ. байгаль эх ийнхүү өөрийгөө хамгийн Эгэлээс нарийн хүртэл бүх зүйлд илэрхийлэн буй мэт.. гэтэл би, намайг амьдарсан гэж, буурал хорвоогийн богинохон хувь заяаны эзэн байсан гэж юу ч эс гэрчлэн үлдэх мэт санагдах юм.
хүний нутагт явахдаа нууранд нь хорогдон эргэж хурагсаар байх, хос хунд ээнэгшин дассан залуу насныхаа нэгэн намрыг нэхэн саналаа. шувуудыг нутаг буцсан гэж хэлмээргүй санагдаж билээ. нутагтаа ирээд буцсаан гэмээр... эзгүй нуурын хөвөөнд ганганалдах хунгийн чимээг чихэндээ сонсогдтол ургуулан бодож суусан тэр шөнө, нуурын толигор мандал дээр Дорнын тэргэл саран мэлтийж байсныг саналаа. эр хүн гэдэг, орь залуу насан гэдэг тийнхүү намар намрын шувуудтай буцаад эргэж ирдэггүйг би мэдсэн юм.
тээр жил цас хайлж хавар ирэхэд намар юм шигээр санагдаж байсан он жилийг бас эргэн саналаа. дун өвөл надад цэцэгтэй зун байсан нь аргагүй ээ. цэнхэр яргуйтай хавар, намар байсан нь аргагүй. шувуудтай буцсан тэр залуу насны он жилүүдийг нуруундаа даахгүй ч гэлээ сэтгэлдээ тээх зовлонгоор дүүрэн энэ амьдралыг үдсэн юм. чамайг надтай учраагүй болохоор... би энд насаа дуусгаж байгаа юм гэж амандаа бувтна хэллээ...
бүхнийг орхиход бэлэн сэтгэлд, уяа болж үлдсэн хэн нэгний тухай бодож эхэллээ. чи надад хэзээ ч олдоогүй бол, чи миний амьдралд ирээд буцдаг шувууд шиг, үдлээд мордсон гийчин шиг байгаагүйсэн бол гэж... тэр л он жилүүдийн хэлхээнд уягдсан хэвээрээ алдуураагүй амргын тухай бодлоо юу ч биш байсан юм шиг санана.
ингэж бодсоных нь төлөө гэлтэй тогтворгүй салхи газар алагдан, түүний нүд рүү эгээл хүн шороо атгаад цацаж буй мэт үлээв... нүдэндээ торсон шороогоо гаргах гэж, нэг туригсанаа, инээд алдан, доогтойхон энэ хувь заяа намайг өвгөрсөн байхад ч амар тавихгүй нээ гэж үнэн голоосоо хэллээ.
анхны цас хаяалж эхлэх намрын тэр орой би ууланд байсан юм. насныхаа сүүлийн өдөр тэгж бодоод хонох доо, өглөө өвч бүрхсэн шинэхэн цасан дээр өөрийнхөө мөрийг гарна гэж бодсон юм.
өргөж яваа авсанд би хэвтээгүй ээ. өндөр уулсын хад асаг дамжин, үүлэн хээний нэгэн эрмэг дээрээс хөлөө унжуулж суугаад эрхлэн тоглосоор байсан юм. аз жаргалд хүрсэн намайг харуусан санах хүнд амжиж хэлээгүй үгийг чинь би сонсож байнаа гэмээр санагдсан юм.
алив намар минь, нас минь надад та хоёр хангалттай их байсааан... нартад эр хүн өшөө байгаа болохоор та хоёр одоо завгүй... намайг эс тоож, энэ удаа зүгээр орхижээ .....
Нийт 1166 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих