my ideas
Өглөө бүр би гэр хорооллын тоост гудамжнаас гардаг байлаа... Эмээ бид хоёр амьдардаг байсан болохоор би өглөө нүүрс хийнэ... Заримдаа хичээлийн цамцны ханцуй тортог болчих нь энүүхэнд байсан... Эмээгийн тохой нугалрахгүйн дээр аль хэдийнээ баргийн юм өргөж даахгүй болсон байлаа.
Ангидаа би охидтой ярилцдаггүй байсан. Дотроо би надаас нүүрс ханхалж байгаа байх гэж бодно.
Өвлийн хувцасгүй үед гэнэтхэн хүйтэрч цас орвол автобус хүлээж байх даа ТҮЦ-ийн араар орж хүмүүсээс нуугдангаа чихээ барьж, тийм байгаадаа баясан инээдэг байж билээ...
Энд тэнд явахдаа би сэмхэн хог түүж цэвэрлэж явдаг. Саяхан Богд ууланд гарахад гадаадын иргэн хоёр эмэгтэй манайхны хаясан нойтон салфетка, нойлын цаас хуванцар савыг түүж цэвэрлэж явна билээ... Ядуу чадуу өссөн баг нас маань намайг дээрэлхэх бөөрөлхөх хүнээр бишгүй дээ нэг элдүүр ханасан тул би аядуу зөөлөн гэхээсээ яалт ч үгүй аймхайдуу хулчгар байсан хэрэг. Тийм дээ ч өөтэй шүүмжилмээр зүйл гарахад өөрөө ханцуй шамлан хийнэ үү гэхээс дуугүй л байж байдаг байсан хэрэг.
Харин одоо цэвэр цэмцгэр байя гэж бодох маань хэтээсээ багийн хүмүүжил маань байсан бөгөөд хог түүсэн нь биш хаясан нь ичих хэрэгтэй гэсэн мэдрэмж тэр хоёр гадаад жуулчныг хараад төрсөн бөгөөд энэ сэтгэгдэл маань улам батжиж байна.
Өлөн тоосгүй явах заяагүй хотын гудамжаар цардмал зам дээгүүр гэрээсээ гаруут алхсаар ажилдаа очдог болохсон гэдэг мөрөөдөл биелэх болсон ч, хоёр хүүхдээ дагуулаад саяхан өмнөөс ирж явахдаа бид гурвын зам дээр нулимсан залуугийн нус цэрийг тойрч, өндөр есөн давхруудын хогийн савнаас үнэртэх анхилуун үнэр дунд цонхоор шидсэн хэрэглэсэн бэлгэвчүүдийг шүлжсээр гэрээсээ гарах даа л хэтэрхий багадсан хогийн савнаас давж асгарсан элдэв бузрыг тойрон алхсан янзаараа явж цэцэрлэг хүрнэ.
Энэ хог хаягдлын ихэнхийг боловсролтой амьжиргаа нь дажгүй түвшинийхөн хаяна. Жишээ нь оюутан байхад гудамжинд 211-ийн карт Мобиком-ын цэнэглэгч карт, цагаан иштэй тамхи голлодог байсан бол түүнийг гар утастай юм уу арай боломж дөнгүүр хүмүүс хэрэглэдэг байлаа. Анхны болзоондоо Хүүхэд залуучуудын паркаас гараад Гандан хүрэх замдаа ярьж хэлэх юм олдохгүй алхаж явахдаа яг тав алхаад нэг тамхины акурка юм уу иштэй чихрийн хог таарна гэдэг статистик олж сонирхуулахад болзоо бүтэлгүйтэж билээ.
Ер нь би ч бас манай гэр бүл ч гэлээ үүнийг бас үйлдвэрлэж буйгаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс байрны мөнгө дээр нэмээд бохир усны төлбөр төлөхөд би бухимддаггүй, түүнийг зайлуулах хөлсийг би бүрэн дүүрэн төлнө. Тиймээс эхнэр бид хоёр хүнс цуглуулахаар дэлгүүр гарах болгондоо гялгар уутаа дахин ашигладаг.
Тиймээс хүүхдүүд маань орой ажил тарж ирэхэд горьдож халаас уудлахад ихэнхдээ чихэр бохь биш хог гарч ирдэг...
Би мундаг залуу биш ч гэлээ Хүй Долоо худагт наадам болдог болсноос хойш дүү нартайгаа хоёр ч удаа наадмын дараа 3 өдрийн турш хог түүсэн (ба наадмаас ой гутсан). Хөдөө тосгоноос ирсэн ч гэлээ би хотын соёлд суралцаж зүлгэн дээгүүр машинаа тавьдаг (зүлэг нь хэдийгээр ургахгүй байгаа ч) ланд-200 тай хүмүүс кабин дотроосоо шоолонгүй харахад өмнөөс нь ичдэг.
энд Ухамсар хэрэгтэй байгаа болохоос төдийлөн хүмүүсийн нийгмийн гарал үүсэл чухалтай биш шиг байна гэж хэлмээр байна.
Гялгар ууттай хог оо гэртээ өмхийрүүлж өмхийрүүлж байснаа орцонд гаргаж дахин муутгаж орчныг бузарладаг... хүмүүс түүнээ гишгээд гэртээ буцаад орно.
Манай хөршүүд банканд мэргэжлийн хяналтад хувийн томоохон байгууллагад ажилладаг боломжийн улс байдаг гэх дээ эргэн тойронд маань ил хуль хог мундахгүй.
Шинэ байранд орсон хүмүүс үүрч дүүрээд баглаа боодолтой тавилгаа оруулсан хирнээ түүнээс хүнд байхад нь зөөж гаргачхаад буцааж уут сав баглааг нь хаяхдаа цонхоор шөнөөр шиднэ.
Хавар намрын салхинд хотын хог том нь толгойд углагдаж жижиг нь ам руу орчих гээд хэцүү юм даа.
Хотын соёл орчны цэвэр цэмцгэрээс эхэлнэ. Шүлс ээ хаяхаас ч санаа зовмоор цэмцгэр талбай, зүлгэн дээр нь гишгэхээс хайрламаар, хашаа хайсыг нь давахаас зүрхшээмээр тийм гоё сайхан хотод бол хүн бие ээ өөрөө шал өөр авч явах байх...
Нийт 641 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих